Tuesday, April 1, 2014

Санасан

Борооны дусал бүрийг тоолон санасан юмсан. Санаснаа хэлэхээр холдчих гээд, бодохгүй байхаар улам санах чамайг яалтай. Чихэнд эгшиглэх тэр аялгуу чамайг улам бүр сануулж, сэтгэлийг минь хөвсөлзүүлнэ. Яах гэж надад анх сонсгоо вэ? Яг л намайг ингэж жаргалтай зовоох гэж хүсээ юу? 

Харандааны чинь үзүүр болоод хамаагүй сараачаад хаях юмсан чиний зүрхийг өөрийн чинь гараар. Хэзээ ч арилахгүйгээр санасан гээд бичихсэн.

Эсвэл, усан борооноор хурд хэтрүүлэн давхиж очоод хаалгыг чинь тогшин сандрааж усанд орчихоод биеэ хатаалгүй өвөрт чинь орж чамайг норгон өөрийгөө хатаахсан. 

Энгэрт чинь тэврүүлэн эрхэлж нэг, хоёр, гурав ... хэдэн ч хамаагүй өдрүүдийг, шөнүүдийг санасан сэтгэлээ тайвширтал чамтай хамт өнгөрүүлмээр байна.  Үг дуугарч, үнсэхгүй ч байсан болно оо. Зүгээр л хамтдаа байхсан. 

Чамайг надаас холдуулсан бүгдийг шатаана. Чиний зурсан зураг, чиний утас, чиний уншсан ном, алив өөр юу байна гаргаад ир. Сэтгэлийг чинь нэгэнтээ чимсэн үгсээр шатаачихдаг ч юм бил үү чиний сэтгэлийг? Би чадахгүй. Гал шиг дүрэлзсэн сэтгэлтэй болохоос, цог шиг түлэх үг надад байхгүй. 

Хүйтэн, халуун ямар ч муухай үгээр нэгийгээ битгий гомдоож байгаарай. Үгийг эргүүлээд авч болдоггүй хүчтэй зэвсэг. 


No comments:

Post a Comment