Tuesday, April 22, 2014

Өөртөө ажил зохиож явдаг хүмүүс

Надад нэг гал найз бүсгүй бий... Түүнийг анх би богинохоооон цэнхэр бараан өнгийн юпкаг пиджактай хослуулан өмсч, шагайгаа ороосон үдээстэй тухайн үедээ ховорт орох гоё хар өндөр өсгийттэй, нүдний шилтэй, хавтас бичиг барьснаар харж билээ. Яасан сайхан тэгшхэн хөлтэй, их зантай, ихэмсэг хүүхэн бэ гэсэн анхны сэтгэгдэлээр  угтсан агаад өнөөдөр ижилдэн дассан, итгэлтэй үнэнч найзууд болно чинээ санаанд яахин орно. 

Бусад найзуудаас ялгарах онцлог гэвэл хэдэн насаар эгчмэд болоод ч тэр үү угийн хүн сайтай шударга зантай болоод ч тэр үү, аль эсвэл аль алинаас нь болоод ч тэр үү миний амьдралд хэрэгтэй нүдээ олсон үгсийг час хийтэл цаг мөчийг нь тааруулж байгаад хэлж өгнө. 

Түүний үгийг сонсож дагаад надад буруутсан удаа үгүй. Цаашдаа ч би сонсоно. Учир нь тэр үргэлж надаас түрүүлэн амьдралын замаар алхаж надад нүх байвал тойрон гарахыг сануулж, хаагуур хэрхэн юугаар явбал амьдралын зам илүү дардан, бэрхшээл багатайг эргэж харан надад хэлнэ, сануулна. 

Найз маань монголын анхны хамгийн залуу эмэгтэй сэтгүүл зүйн ухааны доктор. 28 насандаа энэхүү эрхэм цолыг хүртэж би магадгүй хамгийн залуу зочноор цайллаганд нь уригдаж очсон саяхан мэт. Дайчин, хөдөлмөрч, эрдэмтэй орчин үеийн ганган хүүхэн. Аль алийг нь амжуулж яваа сийрэг толгойтой сайхан бүсгүй. 

Өөрийнх нь хэлсэнээр өөртөө ажил зохиож явдаг хүмүүсийн хоёр нь бид хоёр. Гэртээ зүгээр сууж,  ажил дээрээ дэмий цаг өнгөрөөж чаддаггүй хүмүүс. Дэлгүүр хамт хэсэнгээ гуя хасаа толинд хослуулан харж айлгүйтэх ч цаг байна, ширээний ард нухацтай суун эрдэм шинжилгээний ажил бичилцэн суух ч үе байна. 

Амьдрал тогтворжин дутах юмаар ховор болоод ирэхийн цагт яаж ийж байгаад хийх ажил олчихсон л сууна. Намайг зогсонги болоод ирэхийг амдан алив ингэе тэгэе, сэтгэе бодоё гэж намайг өөртөө ажил зохиохоос өөрцгүй байдалд аваачих нь сайхан. 

Амьдралд хааяа өөрөөсөө ч нуумаар асуудал гарахад асуугаагүй байхад мэдэрч хариулдаг миний эгчмэд найз. 

Охидууд эгчмэд, хөвгүүд ахмад буюу өөрөөсөө ах найзтай байх хэрэгтэй шүү. Байхгүй нэгэн нь олж аваад, байгаа нэгэн нь баярлаж яваарай. 


2 comments:

  1. Replies
    1. Блогооор минь зочилж, урам өгсөн сайхан сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Өөрт чинь сайн сайхан бүхнийг хүсье.

      Delete