Ямар нэгэн тус дэмгүй ч амьдралаас гаргаж болохгүй хүн байхад үнэхээр их тус болсон ч гаргахаас өөр замгүй хүн бас байх юм.
"Заримдаа амьдралд хүн тус болчоод гарах нь бүр их тус болдог" гэж нэгэн найз маань хэллээ.
Тохиолдсон явдал, таарсан хүн, аялсан газар, учирсан хайр, бүтэлгүйтсэн дурлал гээд амьдралд тохиолдсон бүх зүйлийг жижиг сажиг гэлтгүй нягт нарийн бодоод байвал үнэхээр төрөл бүрийн киноны цуглуулга аж. Харин чи өөрөө киноны гол дүр. Заримдаа зохиолоо өөрөө бичиж болно ихэнхдээ "хувь тавилан" гэдэг найруулагч гарч ирээд зохиолыг чинь юу ч үгүй улаан балаар засаад хаячихна.
Өөрөөсөө салгахыг хүсээгүй хүн найруулагчийн үгэнд ордог ч юм уу салаад явах нь бий. Гэтэл амьдралаасаа гаргахыг хүсээд, гуйгаад байхад хэзээ ч хаашаа ч явдаггүй хүн бас байна. Чиний тус дууссан одоо чи надаас яваад бүр илүү тус болоод өгөөч гээд гуйвал яадаг бол? Гуйх зориг дутах уу? Хүсэл төрөхгүй юу?
Заяаны хань зам дээр гэж манай монголчууд зүгээр ч нэг хэлээгүй биз. Ганц заяаны хань ч биш, учрах ёстой хүмүүс хожигдсон ч хамаагүй таардаг. Чухам тэр хүнийг амьдралдаа үүрд хадгалан үлдэх надаас шалтгаалах уу найруулагчаас шалтгаалах уу, аль эсвэл зөвхөн тухайн хүнээс үү?
No comments:
Post a Comment