Хүн хамгийн дотнын, хайртай, итгэлтэй хүндээ ааш гаргаж, муухай үг хэлдэг гэвэл надтай санал нийлэх хүн байна уу?
Ертөнц дээрх хамгийн сайн найзаа би нээрээ зовоож байна аа. Уурласан уур, бухимдсан сэтгэл гээд болохгүй бүхнээ найздаа гаргаж өчүүхэн зүйлд тунирхан найзыгаа гомдоох боллоо сүүлийн үед.
Би дархлагдсан амьтан, тахьсан шүтээн гэж өөрийгөө сэтгэсэндээ тэгсэн биш ээ. Өдөр өнгөрөх бүр чи бидний амьдрал өөрчлөгдөж өмнө нь үргэлж хамтдаа байсан чамайг өөрөөсөө холдоод байх шиг санагдаад байхаар хар аяндаа цухал минь төрөөд жижигхэн өөг ч андахаа байчихаад өлссөн өвлийн чоно шиг хэзээд асахад бэлэн болчихжээ би.
Дараагийн жил хагас надад бүр илүү ховорхон олдохыг чинь гадарласан ч гэсэн жинхэнэ ухаандаа би чинь чамайгаа зорьсон өндөр оргилдоо хүрэх хариугүй дөхсөнийг хараад санаа минь амарч зүрх минь инээж байгаа шүү.
Анх би найзыгаа эмнэлгийн чиглэлээр сурахад дотроо дурамжхан байсан нь үнэн. Учир нь би өөрийнхөө нүдээр эзэмшсэн мэргэжилдээ ямар сайн, байгалиас заяасан ямар сайхан авъяастайг нь мэддэг болохоор тэс өөр салбарт тэгээс эхлэн зүтгэх сонголтынх нь өмнөөс шаналах өдөр ч байсан. Харин өнөөдөр найз маань хүн хичээгээд, тууштай тэмцэж чадвал юунд ч хүрэх бүрэн чадалтайг нотолж өглөө. Угийн потенциаль сайтай, математик сэтгэлгээ өндөртэй байдал тавиас илүү хувьд нь нөлөөлсөнийг ч шударга хэлнэ би.
АПУ-д "гал хам" маркетингийн менежер болгон намайг өлгийдөн авсан найздаа анх баярласан, мөрөөдлийн Америкт дуудан авчирч онгоцны буудал дээр баглаа цэцэгтэй тосч авахад бас баярласан, найзыгаа Станфордын клиникт ажилд ороход бүр их баярласан, хүсэж байсан хоёр төрлийн сургуулиас хоёулангаас нь санал авсан гэхэд найзынхаа өмнөөс хязгааргүй баярласан.
Харин намайг байгаагаар минь хайрлаж, дотнын найзын ажлаас минь одоо болтол халаагүйд хамгийн их баярладаг.
Найзуудын амьдралд өөрчлөлт ороход аяндаа зам нь бас салдаг юм шиг. Бүр мөсөн биш ч түрхэн хугацаанд нийлж явсан зам салаалан одоход эхэндээ хэцүү. Зөвхөн надад биш нөгөө найзад маань ч адилхан хэцүү байсныг харин би анзаараагүй явжээ. Түүний хувьд ч гэсэн би өөрчлөгдөж, миний зам ч түүнийхээс салаалан одсоныг мартжээ.
Салаалсан зам эргээд нийлэх өдөр ирнэ. Тэр болтол зориуд амсхийн замаасаа гажаад ч болохноо хуучин замаараа хамтдаа алхах хэрэгтэйг ойлголоо. Эс тэгвээс амьдралд минь үнэгүй олдсон хэрнээ хамгийн үнэтэй чухлаас чухал найзаа алдаж мэдэх нь байна шүү.
Уучлаарай.
Let's meet up sometime soon n talk.
ReplyDeleteZaa
Delete