Saturday, April 5, 2014

Намайг илүү секси болгогч Форд чамд би хайртай

Форд бид хоёрыг манай нөхөр анх 2009 оны намар танилцуулсан санагдана. Яг үнэндээ Фордыг харсан даруйдаа би түүнд ухаан алдатлаа дурлаж өөрийн болготлоо эндээс явахгүй гэж дотроо бодсоныг минь мэдсэн мэт манай хүн намайг Фордтой учруулж өгсөн билээ. 

Тэр өдрөөс хойш Форд бид хоёрын амраглал улам гүнзгийрч, би түүнд улам ч ихээр хайртай болж, салж хагацах минь өнгөрчээ. Хэрэгтэй үед олон долоон шалтаг тоочилгүй үргэлж надад тус болж бороотой, халууныг үл ойшоон надад үнэнчээр зүтгэнэ. Түүнгүйгээр би өнөөдөр хэрхэн ажлаа амжуулж, яаж шуухан амьдрах билээ дээ. 

Фордыг би жаахан хөгшрөөд ирэхээр залуу нэгнээр солих бодолтой байлаа. Харин одоо бол түүнийгээ нас дээр гарсан ч дэргэдээсээ холдууламгүйгээр их дасчээ. 

Нөхрийн эзгүйд Форд л надад хань болно. Түүнтэй хамт богино өмд эсвэл бошинз өмсөн явахдаа би бүр ч илүү секси болсон мэт сэтгэгдэл төрдөг. Над шиг хүнд томдсон гэж олон хүнээс сонссон ч том Фордод би дуртай. 

Тийм ээ, би Форд загварын машиндаа хайртай. 

No comments:

Post a Comment