Wednesday, April 2, 2014

Сайн найз таардаг юм шүү, олдвол олигтойхон зуураад авдаг юм шүү

Найз нөхөд амьдралд орж гарч байдаг харин төрөл садан үүрд. Гэхдээ яс, цусны холбоогүй ч амьдралаасаа гаргаж боломгүй найз гэж бас байх юм. Олон сар жил дамжин нөхөрлөөгүй, гарын арван хуруунд багтахтай үгүйтэй нүүр тулан уулзсан хэрнээ хэзээний дотно найз мэт хүн надад бий.

Өдөр бүр уулзаж ярилцан сүйд болохгүй ч алсуур бие биендээ тусалж, хэн нэгнээ чин сэтгэлээсээ бодож явдаг найзууд. Цаг хугацаа алсран одох тусам бидний үерхэл чимээгүйхэн батжина. 

Найзад маань танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй, бүтээхгүй, чадахгүй ажил ч гэж байхгүй. 

Гарын хуруунд өргөс орлоо гэх төдийд ч сугалж өгөх гээд нисээд ирж чадах сэтгэлтэй, чухал бөгөөд ховор бичиг цаас олох хэрэгтэй гэж дурьдаад өнгөрөх төдий олоод тавьчихдаг чадалтай нэгэн. 

Үргэлж хэн нэгэнд тусалж явдаг миний найзын санаа нь цагаан болохоор амьдрал сайн хань, хүү охин хоёроор шагнажээ. 

Хүнээрээ яваа найздаа эрүүл энх, амгалан сайхан амьдралыг хүсье. Энэ хоёр байхад аз жаргал аяндаа дагаад явдаг гэж би итгэдэг. 

Сэтгэл дотроо үг эвлүүлсээр зөндөө удлаа, их л урт хэлэх үгтэй шиг санагдсан ч цаасан дээр буусан нь ердөө энэхэн. Үлдсэнийг нь чи өөрөө надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа үнэнч бөгөөд үүрдийн найз минь ээ. 

Уншигч өөрөө ч гэсэн хэн нэгний төрснөөс ялгаагүй найз биз ээ. Өөрт чинь ч бас амьдралаасаа гаргаж боломгүй эрхэм найз байгаа байлгүй. Удаан, цөөхөн хоногоор найзалсанаар битгий дүгнээрэй.

Сайхан хайр байдаг юм шүү, олдвол алдаж болохгүй хэмээн их найрагчийн хэлсэн шиг сайн найз таардаг юм шүү, олдвол олигтойхон зуураад авдаг юм шүү ... 

No comments:

Post a Comment